|
||||||||||||
Нүүр хуудасЦэвэршилт |
Цэвэршилтийг "амьдралын өөрчлөлт" гэж нэрлэх нь бий. Цэвэршилтийн үе гэж сарын тэмдэг тогтмол биш, тасалдах болсон үеэс /цэвэршилтийн өмнөх үе/ бүрэн зогсч үзэгдэхээ болих хүртэлх хугацааг /цэвэрших/ хэлнэ. Цэвэрших дундаж нас 50-52, гэхдээ 45-55 насанд тохиолдож болно. Тамхи татдаг эмэгтэйчүүдэд цэвэршилт дунджаар 2 жилийн өмнө явагддаг байна.
Эмэгтэйчүүдийн олонхид нь цэвэршилтийн үеийн өөрчлөлтүүд өдөр тутмын ажил, амьдралд нь бэрхшээл учруулдаггүй. Гэхдээ олон эмэгтэйчүүдэд ямар нэгэн шаналгаа байдаг. Зарим судалгаагаар цэвэршилтийн өмнөх үедээ байгаа эмэгтэйчүүдийн 46,3%-д нь халуу оргих шинж тэмдэг илэрсэн байна.
Цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүд
Сарын тэмдэг үзэгдэхээ болих нь нийт эмэгтэйчүүдэд илэрдэг. Нас ахихын хэрээр сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөнө. Олонхи эмэгтэйчүүд сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа, түүний мөчлөг, гарах цусны хэмжээ өөрчлөгдөх зэргийг 40-өөд наснаасаа, заримдаа 30-аад наснаасаа ч мэдэрч эхэлдэг. Цэвэршилтийн өмнөх үед сарын тэмдэг тогтворгүй болон хэдэн сараар үзэгдэхээ болиод цаашид бүр зогсдог. Сарын тэмдгийн мөчлөг урт, богино болж, үе үе алгассанаас цусны хэмжээ өөрчлөгдөж ихсэх юмуу багасч, цөөн хоногоор үзэгдэх болдог. Заримдаа сарын тэмдэг удаан үргэлжилж, их хэмжээгээр үзэгдэх, хэт ойрхон эсвэл урт хугацаанд ирж байгаа юм шиг болдог. Сарын тэмдэг цөөн үзэгдэж "алагасах" нь эмэгтэйчүүдэд жирэмсэлчихсэн байх гэсэн түгшүүр төрүүлдэг. Сарын тэмдэг цөөрсөн ч гэлээ жирэмслэх боломжтой байдаг учир жирэмснээс сэргийлэх арга хэрэглэх нь чухал. Сарын тэмдгийн өөрчлөлтийг тэмдэглэж байх, биедээ гарч буй өөрчлөлтүүдийг сайн ажигласнаар тэдгээр нь жирэмсэн үеийнхээс ялгаатайг мэдэж болно. Жишээ нь, сарын тэмдэг алгассан үед хөх эмзэглэх, дотор муухайрах зэрэг зүйл мэдрэгдвэл жирэмснээс тодорхойлох оношлуур хэрэглэж, жирэмсэн эсэхээ мэдэж болно. Хэрэв халуу оргих, үтрээ хуурайших зэрэг шинж тэмдэг илэрч байвал цэвэршилт явагдах гэж буйн дохио юм.
Халуу оргих
Энэ нь цэвэршилтийн үед нийтлэг тохиолддог шинж тэмдэг юм. Нэг эмэгтэйн энэ талаар:
-Энэ явдал 12 дугаар сарын ид хүйтэнд тохиолдсон юм. Би шөнө дунд сэрчихээд, хүйтэнд яаж бие засах билээ гэж бодон, дулаан орондоо шурган хэвтэж байлаа. Гэтэл гэнэт бие халуу оргиж эхлэн босоход тийм ч хэцүү биш болов. Намайг найз нартаа халуу оргих нь тийм ч муу зүйл биш гэж ярихад тэд маань инээлдэж байж билээ.
Өндгөвчнөөс ялгарах даавар багасах нь халуу оргихын шалтгаан болдог. Харин хүний бие түүнд дасан зохицсоноор олонхи эмэгтэйчүүдэд халуу оргих нь арилах юмуу цөөрдөг. Халуу оргих үед цусны судсууд тэлж, арьсанд цус их ирснээр халуу оргих, улайх байдал мэдрэгдэнэ. Энэ нь мөн чих шуугих, толгой бага зэрэг өвдөх зэргийн шалтгаан ч болдог. Олон эмэгтэйчүүд богино хугацааны халуу оргилтыг мэдэрдэг. Заримд нь энэ нь "үүрдийн зун" болж тэд байнга халууцаж байдаг. Халуу оргих нь ихэвчлэн хэдхэн минут үргэлжилдэг, гэхдээ үүнээс урт эсвэл богино ч байдаг. Халуу оргилтын давтамж мөн ялгаатай. Сард 1 удаа эсвэл цагт хэд хэдэн удаа ч байж болно. Өдөр шөнийн аль ч үед тохиолдож болох ч, нэгэн судалгаагаар өглөөний 6-8 цаг, оройн 6-10 цагийн хооронд илүү олонтой тохиолддогийг тогтоожээ. Сарын тэмдэг үзэгдэхээ болих үеэс эмэгтэйчүүдэд халуу оргилт мэдрэгддэг ч, цэвэршилтийн өмнөх үеэс эхэлж болно.
Зарим эмэгтэй халуу оргихыг тааламжтай, дээрх эмэгтэйн жишээ шиг ашигтай гэж үздэг. Зарим эмэгтэйчүүдэд халуу оргилт давтагдаж, хөлс их гаран бие нь их жихүүцдэг бол заримд нь эхлээд бие жихүүцэх байдал мэдрэгддэг. Бие хямрах, сэтгэл зовних, зүрхний цохилт олшрох, дотор муухайрах зэрэг нь халуу оргилтын өмнө, заримдааа дараа нь илэрдэг ба дээрх байдлыг халуу оргилт хөнгөвчилдөг тохиолдол ч байдаг. Халуу оргих нь сарын тэмдэг тогтмол болон тогтмол биш болсон үед ч эхэлж болно. Зарим тохиолдолд сарын тэмдэг үзэгдэхээ больсноос олон жилийн дараа эхлэх байдал байдаг. Ихэвчлэн сүүлчийн сарын тэмдгээс хойш нэг жилээс удаан хугацаанд үргэлжлэхгүй. Гэхдээ зарим эмэгтэйд 5-10 жил, түүнээс олон жил ч мэдрэгдэх явдал байдаг ажээ.
Олон эмэгтэйчүүд шөнө халуу оргих нь өдөр тохиолдохоос илүү шаналгаатай гэж үздэг. Шөнө халуу оргиж, хөлс их гарснаас норсон дотуур хувцас, даавуугаа солих зэргээр нойр алдах нь ядрах, санаагаар унах, аймхай болох зэрэг байдалд хүргэдэг. Туранхай эмэгтэйчүүдэд тарган эмэгтэйчүүдийг бодвол халуу оргилт илүү олон илрэх хандлагатай байдаг гэнэ.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |